Written by Tsetsegmaa Category: Судалгаа
Published on 10 May 2011 Hits: 602
Print

Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй шинэ бодлогыг зарлах

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн ам 1.7 саяд, үүний дотор эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.1 саяд хүрлээ. Ажиллах хүчний 52.2 хувь нь 16-35 насныхан байна. Хөдөлмөрийн насны хүн амын бүтцийг насны ангиллаар авч үзвэл, 16-35 насныхан 37, хувь, 35-44 насныхан 14 хувь 45-60 насныхан 12 хувийг эзэлж байна.

Хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насны хүн ам илүү түргэн  хурдацтай  өсч энэ хандлага ойрын ирээдүйд хадгалагдахаар байна. Нэг талаас, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлт ийнхүү өндөр хурдацтай нэмэгдэж байхад нөгөө талаас, ажиллах хүчний оролцооны түвшингийн өсөлт бараг ажиглагдахгүй,  дөнгөж  66,8 хувьтай, ажилгүйдэл нийгмийн хурц асуудал болсоор байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт  ихсэж, уул уурхай, эрчим хүч, зам барилгын салбарт болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд шинэ ажлын байр, шинэ ажил мэргэжил  олноор бий болж байна.

Мянганы сорилтын сангийн судалгааны дүнд ойрын 2 жилд хөдөлмөрийн зах зээл дээр өндөр эрэлттэй байх 20 ажил мэргэжлийн жагсаалт гарсан байна. Уурхайчин, хүнд даацын машин техникийн жолооч оператор,зам барилгын ажилчин, машин техникийн операторч, засварчин, үйлдвэрлэл, газар тариалангийн ажилчид өндөр эрэлттэй байхыг  барометрын судалгааны дүн харуулж байна.  Ажиллах хүчний эрэлтийг авч үзвэл, ойрын 1 жилийн дотор гэхэд л хөдөө аж ахуйд байнгын ажлын байр 22.5 хувь, түр ажлын байр 34.7 хувь, барилгын салбарт байнгын ажлын байр 6.5 хувь, түр ажлын байр 5.8 хувь, худалдааны салбарт байнгын ажлын байр 9.4 хувь, түр ажлын байр 10.5 хувь, зочид буудал, рестораны үйлчилгээний салбарт байнгын ажлын байр 7.8 хувь, түр ажлын байр 2.9 хувь, аж үйлдвэрт байнгын ажлын байр 3.6 хувь, түр ажлын байр 2.6 хувь, уул уурхайд байнгын ажлын байр 6.6 хувь, түр ажлын байр 1.4 хувиар өсөх хандлагатай судалгааны дүн гарчээ.

Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт ба нийлүүлэлт зэрэгцэн өсч байгаа боловч ажил эрхлэлт өсөн нэмэгдэхгүй, ажил олгогч ажилтнаа олж авч чадахгүй, иргэд хүссэн ажилдаа орж чадахгүй  байгааг юуны өмнө ажлын байрны болон ажил мэргэжлийн стандартын шаардлага ба үндэсний  ажиллах хүчний мэргэжил, ур чадварын хооронд бий болсон тэнцвэрт бус байдал /дисбаланс/, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хомсдол, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний дутагдалтай холбон авч үзэж байна. Эндээс  ажиллах хүчнийг өргөн далайцтайгаар сургаж бэлтгэх мэргэжлийн сургалтын бодлого, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, цаг үеэ олсон шуурхай бодитой мэдээллээр хангах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг эрс сайжруулж, хамрах хүрээг нь өргөтгөх, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй шинэ бодлогын хэрэгцээ, шаардлага урган гарч байна.

Мэргэжлийн сургалтын тогтолцоогоор дамжуулан ажиллах хүчнийг сургаж, бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг  сайжруулж, хамрах хүрээ, хүртээмжийг зохих түвшинд хүргэснээр  үндэсний ажиллах хүчний ажил эрхлэлтийг тогтвортой өндөр түвшинд гаргах, ажилгүйдлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэх явдал Хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй шинэ бодлогын агуулгыг тодорхойлж байгаа юм.

Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй шинэ бодлогынхоо хүрээнд Засгийн газар дэс дараалсан томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэллээ. Монгол улсад хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих уул уурхай, зам,барилга, хот байгуулалт, үйлдвэржүүлэлт, дэд бүтцийн  томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын болон ашиглалтын явцад бий болж байгаа шинэ ажлын байр, шинэ ажил, мэргэжилд үндэсний ажиллах  хүчнийг бэлтгэж ажиллуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж эхэллээ. Үүний эхлэл нь Оюутолгой төсөл болж байна. Уг төслийн бүтээн байгуулалтын шатанд буюу  баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд нийт ажилчдын 60аас дээш хувьд үндэсний ажиллах хүчнийг ажиллуулах арга хэмжээ авч байна. Түүнчлэн Оюутолгой үйлдвэрийн ашиглалтын үеийн ажиллах хүчний 90 хувийг мэргэжилтэй үндэсний ажиллах хүчээр хангах, дэнийг сургаж бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд авч байгаа нэг томоохон арга хэмжээ бол Оюутолгой төслийн хөрөнгөөр ойрын 3 жилд 3300 мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр хэрэгжүүлж эхэлж байгаа хөтөлбөр юм.

Дараагийн ээлжинд Таван толгойн уул уурхайн, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын, авто болон төмөр замын, цахилгаан станцын, орон сууц хот байгуулалтын гэх мэт бүтээн байгуулалтуудын хэрэгцээг үндэсний ажиллах хүчнээр хангах бодлого арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.Үүнд мэргэжлийн боловсролын болон хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд удирдах ажилтнууд та бидний зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, бүтээлч хамтын ажиллагаа онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид юуны өмнө хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг эрс сайжруулах, шинэ арга хэрэгслэл, шинэ зохион байгуулалтыг нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Үүнтэй холбогдуулан нэн түрүүнд Орчин үеийн мэдээллийн технологид тулгуурласан Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлж, хөдөлмөрийн биржүүд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад  үйлчилгээгээ эрхлэх  нэгдсэн мэдээллийн орчинг бий болгож байна.  Шинээр байгуулагдаж байгаа Хөдөлмөрийн төв биржийн нэг үндсэн чиг үүрэг нь Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн сүлжээний менежментийг хэрэгжүүлэх явдал болно.

Ажил олгогч бүрийг, ажлын байр бүрийг бүртгэлжүүлж, тэдний талаарх мэдээллийг иргэддээ цаг тухайд нь хүргэж үйлчлэх шаардлагатай болж байна. Мөн хэрэгцээтэй ажилтных нь тухай мэдээллийг ажил олгогчдод цаг алдалгүй шуурхай хүргэх явдал онцгой ач холбогдолтой болж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх үйлчилгээнд  орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан нэгдсэн систем, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернетийн орчинд шилжих асуудал бидний хамгийн чухал зорилт болж байна. www.labornet.mn портал net-д суурилсан бүртгэл мэдээллийн програм хангамжийг боловсруулж туршилтын ажлыг эхлээд байна. Энэ програм хангамжийг бүх аймаг, дүүргүүдэд нэвтрүүлснээр иргэн хүн хүссэн газрынхаа мэдээллийг өөрийн амьдарч буй газраасаа олж харах үйлчлүүлэх боломжтой болох юм.

Мөн түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгцээтэй байгаа ажлын байрны мэдээг интернэтээс шууд олж авах, үйлчлүүлэх боломжтой болсноор мэдээлэл хамгийн хурдан шуурхай хүрч, мэдээллийн хүртээмж орон зай, цаг хугацаанаас хамааралгүй болох юм.

Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүд, тухайлбал, Оюу толгой төслийн хүрээнд бэлтгэх мэргэжилтэй ажилтныг бүртгэх, сонгон шалгаруулах, сургаж бэлтгэх, төгссөний дараа ажлын байраар хангах асуудлаар манай хоёр яам хамтарч ажиллах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БСШУ-ны сайд та бүхэнд хүргэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Дижитал мэдээ

Статистик үзүүлэлт

Өнөөдөр6
Өчигдөр7
Энэ долоо хоногт97
Энэ сард364
Нийт9005

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29