Хэдийгээр эрхэм уншигч танд “Карьерын багц” хэмээх нэр томъёо нь харьцангуй танил бус мэт санагдаж болох ч менежерүүд, ажил олгогчид маань тодорхой нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг ажлын байранд ажиллагчдыг сонгон шалгаруулахдаа өргөнөөр хэрэглэсээр ирсэн билээ.
Сүүлийн үед хөгжингүй орнуудад шинээр ажилтан авахдаа зөвхөн тусгай мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг ажлын байранд төдийгүй бусад төрлийн ажлын байруудад ч карьерын багцыг өргөнөөр ашигладаг болжээ.
Хэдэн арван жилийн турш зураачид, гэрэл зурагчид, архитекторчид, дизайнерууд болон зохиолчид зэрэг уран бүтээлчид ажил хайн бэдэрч явахдаа өөрсдийнхээ хийсэн бүтээл, авъяас чадварыг үзүүлэх зорилгоор уран бүтээлийн цүнх дүүрэн хийж авч явдаг байжээ. Харин сүүлийн үед бусад салбарын мэргэжилтнүүд энэхүү туршлагыг авч хэрэгжүүлэх болсон байна.
Ийнхүү карьерын багцыг чухам хэн хэрэглэж байгаагаас хамааран янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Жишээ нь:
- Төрөл бүрийн салбаруудад ажиллаж буй зарим мэргэжилтнүүд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж байгууллагад буюу ажил олгогчийн зүгээс шаардлагатай үед өөрийнхээ мэдлэг, туршлага, ур чадварын тодорхой нөхцлийг тохиролцох юмуу гэрээний үндсэн дээр худалддаг болжээ. Өөрөөр хэлбэл эдгээр мэргэжилтнүүд карьерын багцаа зарж байна гэсэн үг юм.
- Цаашилбал багц нь одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд ч тустай. Ихэнх хүмүүс бүх насаараа нэг ажил олгогчид буюу нэг байгууллагад ажиллаад байдаггүйг бид туршлагаасаа мэдэх билээ. Өөрөөр хэлбэл, өөр байгууллагад шилжин ажиллахад карьерын багц чухал ач холбогдолтой.
- Карьерын багц нь оюутнуудад ч гэсэн мөн адил өөрсдийн хүссэн ажилдаа ороход нь туслана.
- Карьерын багцыг бүрдүүлснээр ажил горилогчид дараахь давуу талууд бий болдог.
- Ажилд орох ярилцагад зохих бэлтгэлтэй байна.
- Ур чадвар, чадавхи, давуу талуудаа бусдад харуулах замаар өөрийнхээ талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх
- Харилцан ярилцаж буй талдаа энгийн ойлгомжтой бөгөөд тодорхой сэдэв дээр төвлөрч ярилцахад дөхөмтэй
- Өөрийнхээ хийсэн, бүтэээсэн зүйлс, ажлын үр дүнгээ үзүүлэх
- Хувь хүн өөрийнхээ хийсэн ажлын үр дүнгээ авч үлдэж, баримтжуулан хадгалдаг зуршилтай болно.
- Хувь хүн өөрийнхөө талаар мэдээллийн сантай болно.
- Карьерын хөгжлийнхээ явцад үнэлгээ хийх боломжтой болно.
- Хувь хүн өөрийнхээ ажлын үнэ цэнэ, ахиц дэвшил, хандлага сонирхолд үнэлгээ хийх боломжтой болно г.м
Карьерын багцыг ажил горилогчийн анкеттай харьцуулахад илүү өргөн хүрээтэй. Тухайлбал, карьерын багц нь өөрөө анкетыг агуулж болно. Хэмжээний хувьд багц нь хэрхэн хуудаснаас авахуулаад хэдэн арван хуудастай байж болдог. Гэхдээ аль болох товч бөгөөд тодорхой байх нь чухал. Дээр дурдсанчлан карьерын багцыг ихэнх хүмүүс ярилцлагын үеэр ашигладаг бөгөөд анкетын адил ажил олгогчийн мэдээллийн санд тэр бүр явуулаад байдаггүй. Карьерын багц гэдэг нь таны одоогийн болоод урьд өмнө нь хашиж байсан ажлынхаа хүрээнд өөрөөр хэлбэл ажил үүргээ гүцэтгэх үедээ та өөрөө бие даан гүйцэтгэсэн болон таны шууд оролцоотойгоор хийгдсэн (бүтээгдсэн) биет зүйлс (зохиол бүтээл, судалгаа, өгүүллэг, шүүмж болон бусад) баримт материалын системчилсэн цуглуулгыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, багц нь урьд өмнө нь таны хийсэн ажлын үр дүнг баталгаажуулан харуулсан баримт материалын бүрдэл бөгөөд үүнийг ярилцлагын үеэр ашиглах нь ажил олгогчид ажил горилогчийн талаарх үндэслэлтэй мэдээллийг авахад тустай төдийгүй түүний чадвар, чадавхид үнэлгээ хийх бодит боломжийг бүрдүүлнэ.
Баримт материалын бүрдэл
Карьерын багцыг археологчдын хийдэг ажилтай жишиж болох юм. Археологчид түүхийн олдворууд болон эртний туурийн үлдэгдэлийг судлан шинжилж хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг бичдэг бол карьерын багцад орж буй баримт материалууд нь нэг ёсондоо таны ажлын түүхийг харуулна.
Баримт материалын бүрдэлд юу орох вэ?
Урьд нь болоод одоо ажиллаж байхдаа таны хийж бүтээсэн зүйлс (бүтээгдэхүүнүүд). Таны бичсэн тайлан, боловсруулсан дүрэм, журам, гарын авлага, сургалтын материал, хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, мэдээлэл зэрэг бусад материалууд орно.
Түүнчлэн таны хийж бүтээсэн зүйлсийг баримтжуулан харуулсан матералуудыг багцад оруулж болно. Тухайлбал: Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан семина, курст оролцож эсхүл суралцаж байсан талаарх мэдээ, мэдээлэл, борлуулалтын өсөлтийг харуулсан график зураг, ямар нэг төсөл хэрэгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг үзүүлсэн материал. Түүнчлэн таны шагнал хүлээн авч байгаа болон презентаци хийж буй зураг, талархлын хуудас, таны талаар бичсэн тодорхойлолт, ажил дээрээ авахуулсан зураг, таны ажлын амжилтын талаар бичсэн өгүүллэг г.м.
Карьерын багцыг хэрхэн бүрдүүлэх вэ?
Урьд нь болоод одоо хийж буй ажилтайгаа холбоотой дээр дурьдсан материалуудыг бүрдүүлэхээс эхэлнэ. Харин багц дотроо CV-д бичигдсэн дарааллаар материалаа байршуулах нь зүйтэй. Гэхдээ багцаа ямар зорилгоор ашиглах гэж буйгаас хамаарч доторх материал нь өөр өөр байж болно. Жишээ нь та дээд сургуулиа төгсөөд үйлдвэр аж ахуйн байгууллагад ажиллаж байгаад дараа нь их дээд сургуульд багшаар ажиллаж байх үедээ Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл тавихаар болжээ. Илтгэлээ эхлээд өөрийгөө танилцуулах шаардлага гарвал багшаар ажиллаж байгаа үеийнхээ баримт материалууд дээр төвлөрөн танилцуулгаа хийх нь таны илтгэлийг сонсож буй хүмүүст илүү сонирхолтой байх болов уу. Харин та ажилд орохын тулд карьерын багц бэлдэх гэж байгаа бол өөрийнхөө ажилтай холбоотой мэдлэг туршлагаа аль болох бүрэн дүүрэн үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таныг ажилд авсан тохиолдолд та тэрхүү санал болгож буй ажлыг хийж чадна гэдгийг ажил олгогчид итгэл үнэмшилтэйгээр харуулахын тулд тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагыг биелүүлэх чадвартай гэдгээ урьд өмнө хийж, бүтээж байсан зүйлс (материалуудаа)-ийн тусламжтайгаар ярилцлага авагч талд батлан харуулахад бэлтгэх хэрэгтэй. Таны зорилго бол багцад оруулсан материалуудаа та өөрөө амжилттай хийж гүйцэтгэсэн гэдгээ харуулах явдал юм. Мэдээж таны хийж бүтээсэн ажлын үр дүн нь ажлын ажлын байрны тодорхойлолтын дагуу хийгдсэн байхыг сануулах юун. Эс бөгөөс таныг ажлын цагаа өөр зориулалтаар ашиглан үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийдэг байсан юм болов уу гэдэг сэтгэгдлийг ярилцлага авагч талд төрүүлж болох юм.
Карьерын багцыг бүрдүүлэхдээ дараахь зүйлсийг анхаарвал зохилтой. Үүнд:
Албан бичиг баримт хадгалахад ашигладаг хавтас дотор материалуудаа хийх ба энэ нь тусгаарлагчтай байвал бүр сайн. Багцад оруулах материалууд нь заавал эх хувиараа байх албагүй. Хавтсыг нээхэд хамгийн эхний хуудас нь багцын агуулгыг харуулсан томъёо байх нь таны мэргэжлийн болон бичгийн соёлтойг харуулна. Материалуудаа төрөл зүйлээр нь ангилан ялгасан байх нь зүйтэй. Ийнхүү ангилсан материалуудаа тусгаарлагч хавчуулан хооронд нь ялгаж өгвөл багцыг тань илүү ойлгомжтой болгоно. Харин тусгаарлагч дээрээ тухайн бүлэгт чухам ямар материал орсныг илтгэсэн товчилсон нэрийг бичих нь зүйтэй. Материалууд тань аль болох их зураг, график дүрслэлийг агуулсан бөгөөд өнгөт байвал хүнд үзүүлэхэд ч дөхөмтэй бөгөөд ойлгомжтой байх болно. Багц нь нийтдээ 30 хуудсаас хэтрэхгүй байвал зохилтой. Ярилцлага авагч талд илүү сонирхолтой байж болох материалуудын хувьд нэг илүү хувь авчран нөгөө талд үлдээж болох юм. Эцэст нь дүгнэхэд, карьерын багцыг ямар зорилгоор, ямар хүмүүст үзүүлэхээр бэлдэж байгаагаас хамаарч түүнд оруулах материал нь өөр өөр байх бөгөөд гол зорилго нь та хийсэн ажлаа баримт материал дээр үндэслэн бусдад үзүүлэн өөрийнхөө мэдлэг чадварыг дэлгэн харуулахад оршино.