Written by Tsetsegmaa Category: Хувь хүн
Published on 10 May 2011 Hits: 214
Print

Барууны орнуудад бусдад хөлс хүчээ зориулан амьдардаг дундаж хөлсний ажилтан нийт карьерынхаа хугацаанд 5-6 удаа ажлаа сольдог гэсэн судалгаа байдаг ажээ. Хэдийгээр манайд энэ талаар дорвитой судалгаа хийгдээгүй ч сүүлийн жилүүдэд энэ тоо өсч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

Ажилд авах тухай заруудыг уншиж байхад 30 хүртэлх насны эрэгтэй эсхүл эмэгтэй хүнийг ажилд авна гэсэн үг үсгийг олонтаа харж болно. Хэдийгээр ийнхүү нас хүйс заах нь үндсэн хууль болон хүний эрхэд харшлах зүйл боловч хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогчдын хувьд бичигдээгүй хууль үйлчилдэг нь нууц биш.

Энэ удаагийнхаа булангаар 35-аас дээш насны ажил хайгчдад зориулан хүсч байгаа ажилдаа ороход тустай зарим нэг зөвлөгөөг тусгахаар шийдлээ. 35-аас дээш насныхан хэмээн онцолсны учир нь дээрх насны ангилалд багтаж буй ажил хайгчдад хүссэн газраа боломжийн цалинтай ажилд ороход маш хүндрэлтэй байдгаас үүдэлтэй. Тэдний хувьд дуртай ажилдаа орох байтугай зарим тохиолдолд ажилд орох ярилцлага (сонгон шалгаруулалт)-д орох магадлал ч залуучуудынхтай харьцуулахад бага байдаг.

Хэдийгээр бид хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа бүх бурууг ажил олгогчдод тохож болох боловч 35-аас дээш насны ажил хайгчдын зүгээс анхаарах зүйлс байдаг талаар энд өгүүлсъе.

Юуны өмнө анкет буюу СV –ээс эхэлье. Дундаас дээш наснынхны хувьд CV –д бичигдэх зүйлс их байдаг учир нилээд хэдэн хуудас цаас болж хувирах нь олонтаа. Уламжлал ёсоор ихэнх ажил хүсэгчид CV-дээ төгссөн сургуулиас эхлээд хийж байсан ажил болон хашиж байсан албан тушаалууд, хүлээж байсан үүрэг хариуцлагууд болон гэр бүлийн гишүүдийн талаарх мэдээллийг оруулан бичдэг. Мэдээж энэ бүх мэдээлэл CV-д зайлшгүй байх ёстой өгөгдлүүд боловч тэрхүү мэдээллээ чухам хэрхэн илэрхийлснээс шалтгаалан ажил олгогч байгууллагын Хүний нөөцийн менежерийн сонирхлыг татаж чадах уу үгүй юу гэдэг нь шалтгаална.

35-аас дээш насныхан CV-ээ бичихдээ дараахь хэдэн зарчмыг баримтлах

нь зүйтэй.

Дүрэм №1 CV-ээ бичихдээ өнгөрсөн цагт биш ирээдүй рүү илүү төвлөрөх

Магадгүй таны одоог хүртэл бичиж ирсэн CV тань таны ажлын туршлагыг илүү тусгасан CV байгаа болов уу. Тэгвэл одоо та CV-ээ бичихдээ таны хуримтлуулсан туршлага, олсон мэдлэг тань ирээдүй рүү чиглэгдсэн байхаар боловсруулвал таныг бүр ч илүү үнэ цэнэтэй ажилтан болгон харагдуулна. Хамгийн гол нь CV тань таныг тэтгэвэрт гарахад зориулсан цайллаган дээр танай боссын хэлэх магтаалын үгтэй адилхан байх ёсгүйг анхаар.

Жишээ нь санхүүгийн салбарт ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон 40 нилээд гарсан хүн ажил хайж нэлээд олон байгууллагын хаалга тогшсон боловч амжилт олоогүй тухайгаа надад өгүүлж байсан юм. Учир нь түүний CV өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлууд, авч байсан гавьяа шагналуудын урт жагсаалт болон гэр бүлийнхнийнх нь талаарх мэдээллээр дүүрэн байсан боловч энэ хүн маань чухам ямар ур чадвартай болох, юу хийж чаддаг, цаашид юу хийж чадах талаарх мэдээллээр хомс байлаа.

Тэгэхээр 35-аас дээш насныхан CV-гээ бичихдээ гол анхаарах зүйл бол боломжит ажил олгогч таны анкетыг уншиж үзээд ярилцлагад урих сонирхол төрөхүйц түвшинд бичих хэрэгтэй. Үүний тулд CV-ээ хэрхэн өөрчилж бичих вэ гэдэг асуултыг та тавих байх. Хариулт нь маш энгийн. CV тань “миний хийсэн ажлуудыг хар даа” гэсэн байдлаар бус харин “би таны төлөө энэ, энэ ажлуудыг хийж чадна” гэсэн стилээр бичигдвэл боломжит ажил олгогчид маш эерэг сэтгэгдэл төрүүлж таныг ярилцлагад урих магадлал өснө.

Жишээ нь: Хэрэв та маркетинг, борлуулалтын албанд ажилладаг бол “Удаан хугацаааны турш борлуулагчаар ажиллаж байсан” гэхийн оронд “борлуулалтыг нэмэгдүүлэх x, y, z аргачлалд суралцсан бөгөөд t хугацаанд борлуулалтын маш өргөн сүлжээг бий болгож чадсан ба цаашид энэ чиглэлээр ажиллах өргөн боломжтой” гэвэл таны CV-г уншиж байгаа хүнд хичнээн их сонирхлыг төрүүлэх бол. Та энэ талаар урьд нь бодож үзэж байсан уу? Мэдээж энэхүү аргачлал нь зөвхөн борлуулалтын албанд ажиллаж байсан борлуулагчид хамааралтай бус өөр бусад мэргэжлийнхэнд ч шууд хамаатай. Хамгийн гол нь таны ажлын туршлага орохыг хүсч буй ажилтай чинь шууд хамааралтай байх нь чухал бөгөөд боломжит ажил олгогчийн хувьд өрсөлдөгчидтэй харьцуулахад чухам яагаад таныг энэ ажилд авах нь зүйтэй вэ гэсэн асуултын хариултыг өгөхүйц байдлаар бичигдэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл та CV бичихдээ хуучин ажил олгогчдоо ямар их цаг, хүч чадлаа зарцуулсныг бус харин шинэ ажил олгогчийнхоо төлөө өөрийн сурсан мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлагаа хэрхэн зориулж чадах вэ гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Та ийнхүү өөрийнхөө хуучин CV-г өөрчлөн найруулж бичээд зориуд цаг гарган харьцуулаад үзээрэй. Таны бодлоор аль CV нь ажил олгогчийн сонирхлыг илүү татах бол?

Дүрэм № 2: Огноог орхигдуулах хэрэггүй.

Таныг наснаас чинь болж ярилцлагад ч оруулалгүй хасчих вий гэсэн айдсаас болж та магадгүй сургууль төгссөн болон ажиллаж байсан он жилүүдээ нуухаар шийдэж холбогдох огноог CV-ээс авч хаясан байж болох юм. Энэ бол тийм я дэмжүүштэй сайхан санаа биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь байгууллагын Хүний нөөцийн менежерүүд энэ стратегийг маш сайн мэдэх бөгөөд таны энэхүү байдал нь “Би 40 настайдаа их санаа зовж байна” гэж CV дээрээ тод хараар бичсэнтэй агаар нэг буюу. Таны энэ байдал мэдээж ажил олгогчийн сонирхлыг татах нь юу л бол. Холбогдох бүх он сар, огноог оруулаад харин өнгөрсөн түүхээ их эрч хүчтэйгээр бичих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл та ирэх 10-20 жилийн турш шинэ ажил олгогчийнхоо төлөө эрч хүчтэй, өндөр бүтээмжтэйгээр ажиллаж чадна гэдгээ харуулах нь хамаагүй дээр.

Би саяхан 49 настай борлуулагчийн CV-тэй танилцсан юм. Тэрээр CV-ндээ холбогдох бүх огноог оруулж бичсэнээс гадна хэзээ ч ажлаа тасалдаггүй, бас өөрийнхээ ажлаа явуулахдаа хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг хэмээн бичсэн байсан. Мэдээж энэхүү мэдээлэл нь та өөрийнхээ 1980 онд дээд сургууль төгссөн тухай баримтаа нуух гэж оролдохоос хавьгүй үнэ цэнэтэй болох нь гарцаагүй. Харин ч өөрийгээ хамгаалан зарим нэг он сараа нууж сайхан боломжоо алдах хэрэггүй. Болж өгвөл өөрийнхээ мэдлэг, ур чадварыг боломжит ажил олгогчийнхоо төлөө хэрхэн ашиглаж чадахаа харуулах хэрэгтэй. Ажил олгогч тань ухаантай л бол таны энэхүү хичээл зүтгэлийг анзааралгүй өнгөрөхгүй л болов уу.

Дүрэм № 3: Өөрийгээ зарахаас бүү ай.

Дийлэнх ажил хүсэгчид бушуухан ажил олох гэсэн хүсэлдээ автан олон л бол сайн гэсэн стратеги баримтлан хэтэрхий олон тийшээ CV-ээ илгээдэг. Байх ёстой хэмжээнээс 2 дахин олон CV-г ийш тийш нь илгээх нь таны ажил олох магадлалыг 2 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг биш юм. Та цөөхөн бөгөөд чанартай ажил олгогчид руу CV-ээ илгээж харин дараа нь түүнийхээ араас сайн хөөцөлдөх хэрэгтэй. Араас нь хөөцөлдөнө гэдэг нь боломжит ажил олгогчоосоо “Та миний CV-г хүлээж авсан эсэхийг магадлах гэсэн юм.” хэмээн асууна гэсэн үг бас биш. Ийнхүү асуух нь тэдэнд таны талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхээсээ өмнө харин ч тэдний ундууцлыг хүргэж болзошгүй. Та өөрийнхээ мэдлэг, ур чадвар, ажлын туршлагыг харуулах арга замуудыг оновчтой сонгож бүтээлч гэдгээ харуулах хэрэгтэй. Харин ажил хайж байгаа гэсэн өрөвдөлтэй байдлаа харуулах гэж яарсны хэрэггүй. Та борлуулалт маркетингийн албанд ажилд орохыг хүсч байна уу? Урьд өмнө нь та энэ чиглэлээр ажиллаж байсан бол хуримтлуулсан туршлагаа ашиглаад үз. Жишээ нь та өөрийнхээ тухай, хийсэн бүтээсэн ажлуудынхаа тухай web хуудас хийж Интернетэд байрлуулж болох юм. Түүнчлэн та өөрийнхээ сайн мэддэг идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл ашиглаж болох юм. Жишээ нь туршилтын журмаар тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ажиллаж болно шүү дээ. Эсхүл гэрээгээр түр хугацаанд ажиллах боломжийг ч судалж үзэхэд илүүдэхгүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллагын Хүний нөөцийн менежер зөвхөн таныг хэдэн онд сургууль төгссөнийг тань үнэлэх бус харин таныг хэр зэрэг ур чадвартай ажилтан болохыг харуулахуйц нөхцөл байдлыг үүсгэх хэрэгтэй. Та хэрэв энэ хүртэлх бидний өгч буй зөвлөгөөг даган өөрийнхээ CV-г шинэчлэн найруулж уншсан хүний сонирхлыг татаж чадахуйц болгож чадсан бол дараагийн ээлжинд тэрхүү бичсэн зүйлээ баталгаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ямар ч залуу ажилтнаас илүү чадвартай гэдгээ бодит байдал дээр харуулах хэрэгтэй. Жишээ нь та 2 дахь өдөр 12.30-д ирж презентаци хийнэ гэсэн бол яг амласан цагтаа байх ёстой газартаа ирчихсэн байх нь зүйтэй. Өөрийнхээ зүгээс хийж чадах бусад амлалтуудыг өгч түүнийгээ хамгийн гол нь хариуцлагатайгаар, цаг хугацаанд нь биелүүлэх нь чухал. Эцэст нь дүгнэхэд ажил хүсэгчид, ялангуяа 35-аас дээш насныхан ажил олгогч руу CV-ээ өгчихээд зүгээр хүлээж суух бус харин өөрийнхээ давуу талуудыг харуулснаар яагаад чухам таныг энэ ажилд авах нь хамгийн зөв шийдвэр болохыг ажил олгогчдоо батлан үзүүлэх нь юу юунаас чухал гэдгийг санаж явууштай.

 
Written by Tsetsegmaa Category: Хувь хүн
Published on 10 May 2011 Hits: 171
Print

Хэрэв таны карьер зогсонги байдалд ороод удаж байгаа бол, хэрэв та  сонирхолтой ажилдаа орохыг хүсч байгаа боловч энэ оролдлого тань удаа дараалан бүтэлгүйтээд байвал дараахь зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Асар түргэн хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн шинэ эдийн засгийн орчинд  өөрийнхөө карьерыг амжилттай удирдаж сурах нь юу юунаас чухал гэдэгтэй санал нийлэх нь лавтай. Мэдээллийн технологийн эрин үе эхэлж, дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа энэ үед дийлэнх ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагууд өндөрсч, хамгийн энгийн албан тушаалд ч англи хэл, компьютерын мэдлэгтэй ажилтан авна гэх болжээ.  Нөгөөтэйгүүр, одоо ажиллаж байгаа буюу карьер хийж буй хүмүүсийн хувьд ч гадаад, дотоод орчноо сайтар мэдэрч, өөрийгөө цаг алдалгүй хөгжүүлж байхгүй бол мэдээллийн технологийн асар түргэн хөгжил, шинжлэх ухааны салбарт гарч буй шинэ нээлт, ололт амжилт таны өмнө нь олж авсан мэдлэг, чадварыг нэг л өдөр үнэ цэнгүй болгож, таныг хатуухан хэлэхэд “үнэ цэнгүй” буюу “хэрэгцээгүй” ажилтны жагсаалтад оруулах болно.  Ийнхүү үнэ цэнгүй болсон ажилтны хувь заяа хамгийн өөдрөгөөр бодоход одоогийн эрхэлж буй ажлаа тэтгэвэрт гартлаа хийх, ба эсрэг тохиолдолд шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол эзэмшсэн залуу үедээ байр сууриа тавьж өгөх нь олонтаа.  Та ямар ч салбарт ажилладаг бай, түүнчлэн карьерын хөгжлийнхөө аль ч шатанд байсан карьерын удирдлагын нуугдмал 5 зарчмыг мэдэж авах нь карьераа  төлөвлөж, удирдаж сурахад хэрэгтэй төдийгүй, энэхүү зарчмуудыг амьдралд хэрэгжүүлснээр таны карьерт асар их ахиц дэвшил гарах болно.

Карьерын удирдлагын эхний зарчим

Ажил олгогч таны албан тушаалын эзэн байдаг бол  та өөрийнхөө карьерын эзэн байдаг.

Карьерын удирдлага гэсэн энэхүү үг танд юуг бодогдуулж байна вэ? Та өөрийнхээ карьерыг эргэцүүлэн бодож, төлөвлөж, түүнийхээ дагуу шаардлагатай үйлдлүүдийг хийхэд бэлэн байна уу?

Бидний амьдралын ихэнх өдрүүд (60-70 хувь) албан ёсны ажлын өдрүүд байдаг. Гэтэл зарим хүн энэ өдрүүдээ карьераа хөгжүүлэхэд бус, харин ч амралтын өдрүүдээ хэрхэн, яаж өнгөрүүлэх тухай бодож, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй.  Мэргэжлийн өндөр ур чадвартай мөртлөө эрхэлж буй ажилдаа ч сайн хүмүүс бидний дунд олон байдаг боловч тэдний ихэнх нь карьераа хөгжүүлэхэд идэвхгүй хайнга ханддаг. Энэ хүмүүс ажил дээр нь ямар нэг хүндрэл, бэрхшээл тохиолдох юмуу, гаднаас ажлын санал хүлээж авах үед л карьерынхаа тухай бодож эхэлдэг. Хэрэв та карьераа амжилттай хөгжүүлэхийг хүсч байвал хэрэгцээ гарсан үед л энэ талаар бодох биш, харин тогтмол, төлөвлөгөөтэйгээр асуудалд хандах хэрэгтэй.

Таны карьер тантай үргэлж хамт, тогтвортой байдаг бол таны одоо хийж буй ажил түр зуурынх гэдгийг үргэлж санаж явах. Ийм ч учраас карьераа хөгжүүлэхийг хүсч буй хүн бүхэнд хандаж хэлэхэд та карьерынхаа явцад өөрийнхөө хийж буй ажлыг болон ажил олгогчоо нилээд хэдэн удаа  солих шаардлага гардаг учир яг ямар чиглэлд карьераа хөгжүүлэхийг хүсч буйгаа тодорхойлоод, түүндээ шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь энэ чиглэлээр ажлын туршлага хуримтлуулах хэрэгтэй.  Ихэнх тохиолдолд, ялангуяа шинээр ажилд орж буй залуучуудын хувьд эхэн үедээ хийж байгаа ажил болон карьерын чиглэл нь нэг зүгт явж байгаа мэт байдаг боловч ажил олгогч тань таны албан тушаалыг өөрчлөх ч юм уу, үүрэг хариуцлагыг шинэчлэхийн хэрээр дээрх 2 зүйл давхцахгүй болох нөхцөл байдал үүсдэг. Нөгөө талаар таны өөрийн хүсэл сонирхол өөрчлөгдөж ч болох юм.

Карьерын удирдлага нь байгууллагын болон хувь хүний ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэн эдгээр талууд хамтран тухайн ажилтны карьерыг төлөвлөх, чиглүүлэх, хөтлөх, нөлөөлөх үйл явцыг бүхэлд нь авч үзнэ.

Дээр дурдсанчлан нэгэнт та өөрийнхөө карьерын эзэн юм бол энэхүү асуудалд эзний ёсоор хандаж тодорхой хариуцлага хүлээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жилд наад зах нь 1-2 удаа өөрийнхөө карьерт дүн шинжилгээ хийж, цаашдын ажлаа төлөвлөж сурах нь зүйтэй. Дахин хэлэхэд ажил олгогч тань биш, харин та өөрийнхөө ажлыг өөрчилж, өөрийгөө хөгжүүлэх замаар карьерынхаа хөгжилд хариуцлага хүлээдэг гэдгийг үргэлж санаж явахад илүүдэхгүй.

Карьерын удирдлагын хоёр дахь зарчим

Нас залуу байхад та өөрийнхөө потенциалыг ажил олгогчид худалддаг бол нас ахих тусам энэхүү потенциал нь таны хуримтлуулсан ажлын туршлага, ур чадвар болон хувирдаг. Өөрөөр хэлбэл, нас ахих тусам та өөрийнхөө өнгөрсөн түүхийг буюу ажлын туршлагыг ажил олгогчид зардаг.

Дөнгөж сургууль төгссөн залуучуудын хувьд бүх л амьдрал нь, карьер хийх боломжууд нь тэдний өмнө нээлттэй байдаг. Залуучуудын хувьд хэн ч болсон, ямар ч албан тушаалд ахиж дэвшсэн боломжтой мэт санагдах үе байдаг.

Гэхдээ энэ нь зөвхөн түр зуурын үзэгдэл бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам таны потенциал тодорхой нэг чиглэлд төвлөрсөн туршлага, ур чадвар болон хувирдаг. Таны ажилд хандах хандлага төлөвшиж,  хүмүүстэй харилцах ур чадвар дээшлэхийн хэрээр, хамт олны дунд болон нийгэмд тодорхой байр суурь эзэлж эхэлнэ. Карьерын хөгжлийн энэ үе шатанд таны ямар амжилт гаргаснаас шалтгаалж та одоо ажиллаж буй байгууллагадаа өөр илүү өндөр албан тушаалын, илүү хариуцлагатай ажлуудыг хийх болно.  Мэдээж хүн болгоны карьерын хөгжил харилцан адилгүй. Та нэг бол зах зээлд үнэлэгдэхүйц ажлын туршлага хуримтлуулан, карьерын шатаар маш амжилттай дээшилнэ, эсрэг тохиолдолд карьерын өсөлт тань нэг хэвийн доогуур төвшинд байх болно.  Ямар ч замаар замнасан ч та ажилд орсон анхны өдрөөсөө эхлэн өөрийнхөө потенциалыг ажлын туршлага болгон хувиргах ажлыг хийж эхлэх ба энэ нь яваандаа таны хуримтлуулсан мэдлэг, туршлага, ажлын түүх болдог.  Харин ажлаа солих болон албан тушаалаа өөрчлөхдөө сайтар бодож төлөвлөсөн алсын хараатай алхмуудыг хийх хэрэгтэй.  Учир нь та карьераа улам бүр хөгжүүлэхэд тус нэмэр болохуйц хөдөлгөөн хийх хэрэгтэй болохоос таны карьерыг сүйрүүлэх алхам хийж болохгүй нь мэдээж.

Карьерын удирдлагын гурав дахь зарчим

Таны нас ахиж, олон жил ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулан, ур чадвар эзэмшихийн хэрээр карьер тань цаашид хөгжих боломжтой ажилд ороход хэцүү болдог.

Тийм ээ. хачирхалтай ч гэлээ энэ бол бодит байдал. Нас ахих тусам таны хувьд хүссэн ажилдаа ороход улам бүр хэцүү болдог. Таны нас залуу, хуримтлуулсан мэдлэг, туршлага хязгаарлагдмал байх үед ажилд ороход хялбар байдаг бол 30-40 нас хүрэхэд, магадгүй хэд хэдэн чиглэлээр ажлын туршлага хуримтлуулж, мэргэжлийн ур чадвартай болсон байхаас гадна хийж буй ажилдаа бүрэн эзэн нь болсон байна.

Мэдээж энэ нь ямар ч боломжит ажил олгогчийн сэтгэлд нийцэх чанарууд боловч яг энэ үеэс эхлэн дундаж насныханд “pyramid effect” буюу пирамидын загвар үйлчилж эхэлнэ. Учир нь аливаа байгууллагын бүтцээс харахад дээд тушаалын ажлын байр маш цөөхөн (жишээ нь Гүйцэтгэх захирлын орон тоо л гэхэд ганцхан байдаг) байдаг. Ахимаг насны ажиллагсдын тухайд “youth syndrome” буюу “залуучуудад түрэгдэх” асуудалтай тулгарч эхэлдэг.

Анхан болон дунд шатны албан тушаалуудад ч гэсэн ихэнх байгууллагын удирдлага зөвхөн залуу хүмүүсийг авах хүсэлтэй байдаг. Дээрхээс харахад эрэлт, нийлүүлэлтийн хууль ахимаг насны хүмүүсийн хувьд эсрэгээр үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, нас ахих тусам таны хувьд дээд албан тушаалд томилогдох магадлал багасдаг байхад дөнгөж сургууль төгссөн залуу ажилтанд маш олон газар ажиллах боломж нээлттэй байдаг.

Хэдийгээр та өөрийгөө байнга хөгжүүлэн, карьерын адармаатай бөгөөд сонирхолтой шатаар байнга дээшээ ахиж ирсэн боловч он жилүүд урсан өнгөрөхийн хэрээр хөдөлмөрийн зах зээлд таны борлогдох чадвар буурсаар байх болно. Энэ байдлыг өөрчлөхөд хэцүү. Гэхдээ ирээдүйд дээрх нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж, карьераа төлөвлөх нь зүйтэй.

Карьерын удирдлагын дөрөв дэх зарчим

Өөрийнхөө карьертэй холбоотой шийдвэр болгоныг та өөрөө л хариуцна гэдгээ үргэлж санаж явах.

Таны өмнө нь хийж байсан ажил, хуримтлуулсан туршлага буюу таны карьерын хөдөлгөөн зэрэг нь таны цаашдын карьерын хөгжилд хичнээн чухал болохыг хөдөлмөрийн зах зээлд нэг хэсэг хугацаанд байж үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа.

Жишээ нь, 10 жилийн өмнө цаг хугацаа, нөхцөл байдалд баригдан, сайтар бодож эргэцүүлэлгүй гаргасан шийдвэр эргээд танд сөргөөр нөлөөлөх тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй.  Хэрэв та том зах зээлийн тоглогч томоохон байгууллагад ажиллах боломж байсаар байхад  ирээдүйтэй бус салбарын багахан багтаамжтай зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж байсан бол энэ тухайгаа дараа дараагийн ажил олгогчдод аль болох зөв талаас нь тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Эдийн засгийн орчин тогтвортой бус үед зарим хүн цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэх үүднээс ойр ойрхон ажлаа сольж өөрчилсөн байдаг нь тогтвор суурьшлыг эрхэмлэж, нэг байгууллагад удаан ажиллах явдлыг үнэ цэнэтэйд тооцдог ажил олгогчдын санаанд тэр бүр нийцдэггүй.

Карьерын удирдлагыг яг салбар шинжлэх ухаан гэж үзэхэд хүндрэлтэй. Ийм ч учраас хэрэв та карьерынхаа хөгжлийн нэг шатанд алдсан бол өөрийнхөө мэдлэг чадвар, ажлын туршлага болон карьерынхаа зорилгыг дахин хянасны эцэст ямар тохиолдолд эрсдэл  үүсч болох тухай сайтар бодож үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь ирээдүйнхээ талаар өөдрөг үзэлтэй байх нь чухал бөгөөд өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил, шаардлагатай байгаа ур чадвараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Карьерын удирдлагын тав дахь зарчим

Хөдөлмөрийн зах зээлийн болон өөрийнхөө байгаа байдлыг жилд наад зах нь нэг удаа хянаж үзэх.

Ихэнх хүмүүс өдөр тутмын ажилдаа түүртэн, карьерын удирдлагын хүрээнд ямар нэгэн ажил хийх нь бүү хэл, энэ тухай санадаг ч үгүй.  Тэд ихэнхдээ ажил дээр нь асуудал гарч, карьер нь хямралтай тулгарсан үед л энэ тухай бодож эхэлдэг. Ямар ч нөхцөл байдал тулгарсан өөрийнхөө карьертай холбоотой аливаа асуудалд сул дорой байдлаар биш, харин алсын хараатай, бодлоготой хандах хэрэгтэй.  Үүний тулд карьерынхаа одоогийн байдалд жилд нэг удаа боловч дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж байх хэрэгтэй. Дүгнэлт гаргах өдрөө урдаас төлөвлөх нь зүйтэй. Жишээ нь, өөрийнхөө төрсөн өдрөө ч юм уу, ямар нэг тэмдэглэлт баярын болон амралтын өдрүүдийн нэг байж болох юм. Тэгвэл та энэ өдөр чухам юу хийх вэ?  Эхлээд та өөрийгөө хөдөлмөрийн зах зээл дээр байгаа мэтээр төсөөлөөд үз. Ингээд дараахь зүйлсийг хийгээрэй.

-          Таны карьерт хамааралтай бүхий л өгөгдлийг жагсааж үзэх: таны мэдлэг, боловсрол, ур чадвар, ажлын туршлага, хувийн шинж чанарууд г.м.

-          Шаардлагатай гэж үзсэн ур чадварыг хөгжүүлэхээр төлөвлө

-          Хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээ – таны хийхийг зорьж буй ажлын хувьд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар товчхон судалгаа явуулах

-          Карьерын амжилтыг харуулах хэмжигдэхүүнүүд: ажилдаа сэтгэл хангалуун байх, цалингийн хэмжээ, албан тушаал, эрх мэдэл г.м.

Жил бүр ийнхүү карьераа хянаж үзэхдээ та яг л өөрийнхөө хөлөг онгоцыг техникийн үзлэгт оруулж байгаа мэтээр төсөөлөх нь чухал. Мэдээж хөлөг онгоцны оронд та өөрөө өөрийгөө үзлэгт оруулж байгаа шүү дээ. Ийнхүү үзлэгт оруулснаар хөлөг онгоцныхоо одоогийн байдлыг сайтар мэдэж авах бөгөөд таны хөлгөнд ойрын хугацаанд их, бага  засвар, үйлчилгээ шаардлагатай эсэх, эсвэл энэ чигээрээ дахин хэдэн жил далайд аюулгүй хөвөх боломжтой байна уу гэдгээ тогтооно.

Гэхдээ хөлөг онгоцоо зөвхөн техникийн үзлэгт оруулснаар бүх зүйл сайхан болно гэвэл эндүүрэл болно. Мэдээж та хөлөг онгоцны ахмадын хувьд онгоцоо зорьсон газарт нь хүргэхийн тулд наад зах нь салхины хүч болон чиглэлийг байнга мэдэрч тооцож байх нь хамгаас чухал.Үүнээс гадна цаг агаарын мэдээ сонсч, түүнд тааруулан бэлтгэлээ базаах, хөвөх замдаа мөсөн уул болон чулууг мөргөлгүй, түүнчлэн хүчтэй салхи, далайн хар салхинд нэрвэгдэхгүйн тулд танд навигацын төлөвлөгөө байх хэрэгтэй.

Ийнхүү бүхий л хүчин зүйлсийг нэг дор зэрэг тооцон, жолоодох нь хөлөг онгоцны ахмадын хувьд зорьсон газартаа саадгүй хүрэх үндсэн нөхцөл болох бөгөөд таны карьерын хөгжил ч үүнтэй яг ижил байж чадвал та өөрийнхөө карьерыг маш амжилттай удирдах болно.

 
Written by Tsetsegmaa Category: Хувь хүн
Published on 10 May 2011 Hits: 212
Print

Хэдийгээр эрхэм уншигч танд “Карьерын багц” хэмээх нэр томъёо нь харьцангуй танил бус мэт санагдаж болох ч менежерүүд, ажил олгогчид маань тодорхой нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг ажлын байранд ажиллагчдыг сонгон шалгаруулахдаа өргөнөөр хэрэглэсээр ирсэн билээ.

Сүүлийн үед хөгжингүй орнуудад шинээр ажилтан авахдаа зөвхөн тусгай мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг ажлын байранд төдийгүй бусад төрлийн ажлын байруудад ч карьерын багцыг өргөнөөр ашигладаг болжээ.

Хэдэн арван жилийн турш зураачид, гэрэл зурагчид, архитекторчид, дизайнерууд болон зохиолчид зэрэг уран бүтээлчид ажил хайн бэдэрч явахдаа өөрсдийнхээ хийсэн бүтээл, авъяас чадварыг үзүүлэх зорилгоор уран бүтээлийн цүнх дүүрэн хийж авч явдаг байжээ. Харин сүүлийн үед бусад салбарын мэргэжилтнүүд энэхүү туршлагыг авч хэрэгжүүлэх болсон байна.

Ийнхүү карьерын багцыг чухам хэн хэрэглэж байгаагаас хамааран янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Жишээ нь:

-                      Төрөл бүрийн салбаруудад ажиллаж буй зарим мэргэжилтнүүд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж байгууллагад буюу ажил олгогчийн зүгээс шаардлагатай үед өөрийнхээ мэдлэг, туршлага, ур чадварын тодорхой нөхцлийг тохиролцох юмуу гэрээний үндсэн дээр худалддаг болжээ. Өөрөөр хэлбэл эдгээр мэргэжилтнүүд карьерын багцаа зарж байна гэсэн үг юм.

 

-                      Цаашилбал багц нь одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд ч тустай. Ихэнх хүмүүс бүх насаараа нэг ажил олгогчид буюу нэг байгууллагад ажиллаад байдаггүйг бид туршлагаасаа мэдэх билээ. Өөрөөр хэлбэл, өөр байгууллагад шилжин ажиллахад карьерын багц чухал ач холбогдолтой.

-                       Карьерын багц нь оюутнуудад ч гэсэн мөн адил өөрсдийн хүссэн ажилдаа ороход нь туслана.

-                Карьерын багцыг  бүрдүүлснээр ажил горилогчид дараахь давуу талууд бий болдог.

-                      Ажилд орох ярилцагад зохих бэлтгэлтэй байна.

-                      Ур чадвар, чадавхи, давуу талуудаа бусдад харуулах замаар өөрийнхээ талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх

-                      Харилцан ярилцаж буй талдаа энгийн ойлгомжтой бөгөөд тодорхой сэдэв дээр төвлөрч ярилцахад дөхөмтэй

-                Өөрийнхээ хийсэн, бүтэээсэн зүйлс, ажлын үр дүнгээ үзүүлэх

-                      Хувь хүн өөрийнхээ хийсэн ажлын үр дүнгээ авч үлдэж, баримтжуулан хадгалдаг зуршилтай болно.

-                      Хувь хүн өөрийнхөө талаар мэдээллийн сантай болно.

-                      Карьерын хөгжлийнхээ явцад үнэлгээ хийх боломжтой болно.

-                      Хувь хүн өөрийнхээ ажлын үнэ цэнэ, ахиц дэвшил, хандлага сонирхолд үнэлгээ хийх боломжтой болно г.м

Карьерын багцыг ажил горилогчийн анкеттай харьцуулахад илүү өргөн хүрээтэй. Тухайлбал, карьерын багц нь өөрөө анкетыг агуулж болно. Хэмжээний хувьд багц нь хэрхэн хуудаснаас авахуулаад хэдэн арван хуудастай байж болдог. Гэхдээ аль болох товч бөгөөд тодорхой байх нь чухал. Дээр дурдсанчлан карьерын багцыг ихэнх хүмүүс ярилцлагын үеэр ашигладаг бөгөөд анкетын адил ажил олгогчийн мэдээллийн санд тэр бүр явуулаад байдаггүй. Карьерын багц гэдэг нь таны одоогийн болоод урьд өмнө нь хашиж байсан ажлынхаа хүрээнд өөрөөр хэлбэл ажил үүргээ гүцэтгэх үедээ та өөрөө бие даан гүйцэтгэсэн болон таны шууд оролцоотойгоор хийгдсэн (бүтээгдсэн) биет зүйлс (зохиол бүтээл, судалгаа, өгүүллэг, шүүмж болон бусад) баримт материалын системчилсэн цуглуулгыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, багц нь урьд өмнө нь таны хийсэн ажлын үр дүнг баталгаажуулан харуулсан баримт материалын бүрдэл бөгөөд үүнийг ярилцлагын үеэр ашиглах нь ажил олгогчид ажил горилогчийн талаарх үндэслэлтэй мэдээллийг авахад тустай төдийгүй түүний чадвар, чадавхид үнэлгээ хийх бодит боломжийг бүрдүүлнэ.

Баримт материалын бүрдэл

Карьерын багцыг археологчдын хийдэг ажилтай жишиж болох юм. Археологчид түүхийн олдворууд болон эртний туурийн үлдэгдэлийг судлан шинжилж хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг бичдэг бол карьерын багцад орж буй баримт материалууд нь нэг ёсондоо таны ажлын түүхийг харуулна.

Баримт материалын бүрдэлд юу орох вэ?

Урьд нь болоод одоо ажиллаж байхдаа таны хийж бүтээсэн зүйлс (бүтээгдэхүүнүүд). Таны бичсэн тайлан, боловсруулсан дүрэм, журам, гарын авлага, сургалтын материал, хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, мэдээлэл зэрэг бусад материалууд орно.

Түүнчлэн таны хийж бүтээсэн зүйлсийг баримтжуулан харуулсан матералуудыг багцад оруулж болно. Тухайлбал: Мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан семина, курст оролцож эсхүл суралцаж байсан талаарх мэдээ, мэдээлэл, борлуулалтын өсөлтийг харуулсан график зураг, ямар нэг төсөл хэрэгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг үзүүлсэн материал. Түүнчлэн таны шагнал хүлээн авч байгаа болон презентаци хийж буй зураг, талархлын хуудас, таны талаар бичсэн тодорхойлолт, ажил дээрээ авахуулсан зураг, таны ажлын амжилтын талаар бичсэн өгүүллэг г.м.

Карьерын багцыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Урьд нь болоод одоо хийж буй ажилтайгаа холбоотой дээр дурьдсан материалуудыг бүрдүүлэхээс эхэлнэ. Харин багц дотроо CV-д бичигдсэн дарааллаар материалаа байршуулах нь зүйтэй. Гэхдээ багцаа ямар зорилгоор ашиглах гэж буйгаас хамаарч доторх материал нь өөр өөр байж болно. Жишээ нь та дээд сургуулиа төгсөөд үйлдвэр аж ахуйн байгууллагад ажиллаж байгаад дараа нь их дээд сургуульд багшаар ажиллаж байх үедээ Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл тавихаар болжээ. Илтгэлээ эхлээд өөрийгөө танилцуулах шаардлага гарвал багшаар ажиллаж байгаа үеийнхээ баримт материалууд дээр төвлөрөн танилцуулгаа хийх нь таны илтгэлийг сонсож буй хүмүүст илүү сонирхолтой байх болов уу. Харин та ажилд орохын тулд карьерын багц бэлдэх гэж байгаа бол өөрийнхөө ажилтай холбоотой мэдлэг туршлагаа аль болох бүрэн дүүрэн үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таныг ажилд авсан тохиолдолд та тэрхүү санал болгож буй ажлыг хийж чадна гэдгийг ажил олгогчид итгэл үнэмшилтэйгээр харуулахын тулд тухайн албан тушаалд тавигдаж буй шаардлагыг биелүүлэх чадвартай гэдгээ урьд өмнө хийж, бүтээж байсан зүйлс (материалуудаа)-ийн тусламжтайгаар ярилцлага авагч талд батлан харуулахад бэлтгэх хэрэгтэй. Таны зорилго бол багцад оруулсан материалуудаа та өөрөө амжилттай хийж гүйцэтгэсэн гэдгээ харуулах явдал юм. Мэдээж таны хийж бүтээсэн ажлын үр дүн нь ажлын ажлын байрны тодорхойлолтын дагуу хийгдсэн байхыг сануулах юун. Эс бөгөөс таныг ажлын цагаа өөр зориулалтаар ашиглан үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийдэг байсан юм болов уу гэдэг сэтгэгдлийг ярилцлага авагч талд төрүүлж болох юм.

Карьерын багцыг бүрдүүлэхдээ дараахь зүйлсийг анхаарвал зохилтой. Үүнд:

Албан бичиг баримт хадгалахад ашигладаг хавтас дотор материалуудаа хийх ба энэ нь тусгаарлагчтай байвал бүр сайн. Багцад оруулах материалууд нь заавал эх хувиараа байх албагүй. Хавтсыг нээхэд хамгийн эхний хуудас нь багцын агуулгыг харуулсан томъёо байх нь таны мэргэжлийн болон бичгийн соёлтойг харуулна. Материалуудаа төрөл зүйлээр нь ангилан ялгасан байх нь зүйтэй. Ийнхүү ангилсан материалуудаа тусгаарлагч хавчуулан хооронд нь ялгаж өгвөл багцыг тань илүү ойлгомжтой болгоно. Харин тусгаарлагч дээрээ тухайн бүлэгт чухам ямар материал орсныг илтгэсэн товчилсон нэрийг бичих нь зүйтэй. Материалууд тань аль болох их зураг, график дүрслэлийг  агуулсан бөгөөд өнгөт байвал хүнд үзүүлэхэд ч дөхөмтэй бөгөөд ойлгомжтой байх болно. Багц нь нийтдээ 30 хуудсаас хэтрэхгүй байвал зохилтой. Ярилцлага авагч талд илүү сонирхолтой байж болох материалуудын хувьд нэг илүү хувь авчран нөгөө талд үлдээж болох юм. Эцэст нь дүгнэхэд, карьерын багцыг ямар зорилгоор, ямар хүмүүст үзүүлэхээр бэлдэж байгаагаас хамаарч түүнд оруулах материал нь өөр өөр байх бөгөөд гол зорилго нь та хийсэн ажлаа баримт материал дээр үндэслэн бусдад үзүүлэн өөрийнхөө мэдлэг чадварыг дэлгэн харуулахад оршино.

 

Виртуаль сэтгүүл

Статистик үзүүлэлт

Өнөөдөр8
Өчигдөр19
Энэ долоо хоногт55
Энэ сард588
Нийт6578

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29