Эрхэм уншигчдаа, хүндэт зочид оо,
Та бүхэнтэй өөрийн байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан уулзаж байгаадаа туйлын баяртай байна.
|
|
XXI зуун бол мэдээлэл, мэдлэгийн зуун гэдэгтэй хэн ч маргахгүй. Өдрөөс өдөрт бид мэдээлэл ямар өргөн хүрээтэй, хурдтай тархаж байгааг мэдэрч байна. Ийм хөдөлгөөнтэй, хурдтай, өөрчлөмтгий нийгэмд бид мэдсэн, сонссон, сурсан зүйлээ бусадтай хуваалцах, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч мэдлэг болгон хувиргах, улмаар хувийн амьдрал, ажил мэргэжилдээ хэрэгжүүлэх ур чадварт суралцах явдал чухал болоод байна.
Миний бие 1998 онд “Хүний нөөцийн удирдлага ба хөгжил” (гарын авлага), 2001 онд “Хүний нөөцийн менежмент” (сурах бичиг), “Менежмент” (хамтын бүтээл), 2005 онд хэсэг нөхдийн хамт “Хөгжил дэвшлийн хөтөч” менежментийн сургалтын төв байгуулж, улмаар түүний дэргэдэх “Хүний нөөцийн удирдлага” сэтгүүлээр дамжин Та бүхэнтэй эчнээ танил болсон гэдэгт итгэлтэй байдаг. Цаашид ч хүний нөөцийн удирдлага ба хөгжлийн чиглэлээр шинэ шинэ ном, гарын авлага гарган Та бүхний оюуны хэрэгцээг хангахад бага болов ч хувь нэмэр оруулна гэж амлая. Гэвч цагийн аясаар дээр дурдсанчлан мэдээллийг шуурхай хүргэх, шинэ мэдлэгийг хурдтайгаар түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг мэдэрч өөрийн байгууллагынхаа цахим хуудсыг шинээр нээж Та бүхэнтэй өдөр тутам уулзах боломжтой болж байгаадаа баяртай байна.
“Хүний нөөц” хэмээх ойлголт өөрөө өргөн хүрээг хамарч байдаг болохоор хөгжиж дэвших, суралцаж боловсрох сонирхолтой хувь хүн болоод байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдэд зориулагдсан олон сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг Та манай сайтын холбогдох булангуудаас авах боломжтой. Танд менежмент болоод хүний нөөцийн талаар мэдээлэл дутагдвал, мэдлэг хүрэлцэхгүй байвал, асуудал тулгарвал, зөвлөгөө шаардлагатай бол бидэнд хандаарай. Бид мэргэжлийн өндөр түвшинд Таны хэрэгцээг хангахын төлөө ажиллана.
Хүндэтгэсэн,
“Хөгжил дэвшлийн хөтөч” менежментийн сургалтын төвийн захирал
Доктор Ц.Цэцэгмаа